Индонезид гатлага онгоцон дээр гал гарсны улмаас 23 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /Antara/. Индонезийн нийслэл Жакарта хотын ойролцоо, эргээс холгүй газарт явж байсан гатлага онгоцон дээр гал гарсны улмаас 23 зорчигч амиа алджээ.
Индонезийн аврах албаныхны мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гал гарсан байна.
Жакартагаас баруун хойд зүгт 50 орчим км-ийн зайд орших амралт зугаалгын Тидунг арал руу явж байсан энэ гатлага онгоц 240 гаруй зорчигч тээвэрлэж явсан аж.
Галын улмаас амиа алдсан 23 хүн бүгд Индонезийн иргэд гэнэ. Мөн түлэгдэж бэртсэн 32 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, гатлага онгоц Жакартагаас хөдөлсний дараахан онгоцны хөдөлгүүрийн хэсгээс гал гарч эхэлсэн байна.
Богино холбоо үүссэний улмаас түлшинд гал авалцсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна. Хөлөг онгоцыг Жакартад авчирсны дараа ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхлэх ажээ.
13 мянга гаруй арлаас бүрддэг Индонез улсын хувьд гатлага онгоц бол чухал тээврийн хэрэгсэл юм. Гэхдээ аюулгүй ажиллагаанд төдийлөн анхаардаггүйн улмаас завь, усан онгоцтой холбоотой осол олонтоо гардаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард Бали арлын ойролцоо явж байсан жуулчны хөлөг онгоцны хөдөлгүүр дэлбэрсний улмаас хоёр зорчигч амиа алдсан юм.
Г.Доржханд