Индонезид халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-26 14:36:18

ЖАКАРТА./Antara/ Индонезийн Баруун Ява мужид цагдаагийн албан хаагчдыг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр сэжигтнийг  буудан устгажээ.

Тус улсын ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “хоёр сэжигтнийг Баруун Ява мужийн Пурвакара хот дахь нэгэн байшинд байх үед нь терроризмтой тэмцэх тасгийн цагдаагийн ажилтнууд устгасан” гэжээ.

Энэ хоёр этгээд “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийг дэмждэг Индонез дэх нэгэн бүлэглэлийн гишүүд байсан аж.

Тэдний байсан газраас халдлага үйлдэх төлөвлөгөө болон хурц иртэй хэд хэдэн хутгыг цагдаа нар илрүүлсэн байна.

“Лалын улс”-ыг дэмжигчдийн халдлага үйлдэх гэсэн хэд хэдэн төлөвлөгөөг Индонезийн цагдаа нар сүүлийн өдрүүдэд илрүүлж, таслан зогсоосон юм. Тус улсын Засгийн газар Зул сар болон Шинэ жилийн баярын оргил өдрүүдэд террорист халдлага гарахаас сэргийлж, улс орон даяар 100 мянган цэрэг, цагдааг эргүүл хамгаалалтад дайчилжээ. 

Г.Доржханд

Холбоотой мэдээ