“ДСЦТС” ХК системийн шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-26 00:00:39

“Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК 2016 оны Эрчим хүчний салбарын шилдэг байгууллагаар шалгарчээ. Энэ тухай тус компанийн дэд захирал Б.Батжаргал орон нутагт ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.

Эднийх 2016 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд нийт 7,2 тэрбум төгрөгийг зарцуулж эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага , арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлж энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор нь шийджээ.

Тус компанийн дэд захирал Б.Батжаргал:-“Манайх 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур суманд нийт 16 мянга 600 гаруй ухаалаг тоолуурыг суурилуулсан. Түүнчлэн өөрийн хөрөнгөөр өнгөрсөн онд 35/10(6)кВ-ын хоёр дэд станц шинээр барьж, нэг дэд станцыг шинэчилж 35 кВ-ын 34 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ-ын 116 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэвшилтэт технологиор барьж байгуулан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангаж ажилласан” гэв. Ийнхүү тус компанийг 2016 онд техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж алдагдал бууруулахад бодитой ажил хийснийг үнэлж Эрчим хүчний яам “2016 оны эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн шилдэг байгууллага”-аар шалгаруулсан нь энэ юм.

                                                                                                                 Б.Норовсамбуу                                                                                                                                                    

Холбоотой мэдээ