Д.Трамп: АНУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэх хэрэгтэй

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 11:30:30

МОСКВА./TASS/. АНУ өөрийн цөмийн зэвсгийн чадавхиа өргөжүүлэн бэхжүүлэх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ.

“Атомын бөмбөгийн асуудлаар дэлхий дахин ойлголцолд хүрэх хүртэл АНУ өөрийн цөмийн зэвсгийн боломж чадавхийг нэлээд өргөжүүлэн бэхжүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцолсон байна.

Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлэхдээ, АНУ-ын цөмийн зэвсгийн зарим хэсгийг байлдаанд ашиглах боломжгүй болсон байж магадгүй, иймээс зэвсэгт хүчнийг өргөн хүрээнд шинэчлэх нь зүйтэй гэж байсан юм.

Үүний сацуу тэрбээр 4 дүгээр сард Нью-Йорк хотод дэмжигчидтэйгээ уулзаж ярилцахдаа, АНУ өөрийн цөмийн зэвсгийг хэрэглэх тал дээр асар их болгоомжтой хандах хэрэгтэй гэж байжээ. Мөн CNN сувагт ярилцлага өгөхдөө, цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэх нь байж болшгүй зүйл гэж онцолсон юм.

Мөн тэрбээр Оросын тухайд ярихдаа “Оросын зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд илүү хүчирхэгжиж, тус улсын цөмийн зэвсэг нь Америкийнхаас илүү боловсронгуй болсон” гэдгийг дурдаж байжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ