Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-21 16:42:43

УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тавантолгойн бүлэг ордтой холбоотой асуулга тавьжээ. 

Тэрбээр Монгол Улсын нийгэм эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед Монгол Улсын эдийн засгийг хүндрэлээс богино хугацаанд гаргахуйц цаашлаад Монгол Улсыг хэдэн үеэр нь авч явах бүрэн боломжтой “Ард түмний өмч” болсон Тавантолгойн бүлэг ордын талаар  Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого барьж байгаа, цаашид эдийн засгийг үр өгөөжтэй байлгах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулга тавьж байгаагаа илэрхийлжээ.

Асуулгад "“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, БНХАУ-ын “ЧАЛКО” компанид төлөх өрийн үлдэгдэл, хэзээ төлөгдөж дуусах, Тавантолгойн энэ ордын өнөөгийн үнэлгээг бодитойгоор тогтоосон эсэх, Монгол Улсын иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа хэзээ бодит үр шимээ өгч эхлэх, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувийг ямар компанид худалдан борлуулах гэж байгаа, манай улсад ямар санал ирсэн, энэ гэрээ хэлцэлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар зэрэг асуудалд Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна" гэжээ.

Асуулгын  хариуг бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ