Гэм буруутай нь тогтоогдсон боловч К.Лагардад шийтгэл оноосонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-20 13:40:22

ПАРИС. /KAZINFORM/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ гүйцэтгэх захирал Кристин Лагард Францын Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн мөнгөний зарцуулалтыг хянахад хайнга хандсан болохыг Францын шүүх тогтоожээ. Гэхдээ шүүхээс түүнд ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй байна.

2008 онд Ерөнхийлөгч асан Никола Саркозигийн засаг захиргааны үед Сангийн сайдаар ажиллаж байхдаа “спорт хувцас үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Adidas” компанийг худалдан авах асуудлаар Францын “Credit Lyonnais” компанитай 2008 онд үүссэн маргааныг шийдвэрлэн, бизнес эрхлэгч Бернар Тапи-д 417 сая долларын нөхөн төлбөр олгоход өөрийн нэр нөлөөг ашиглан оролцсон гэх хэрэгт холбогдуулан К.Лагардыг 2011 оны наймдугаар сараас хойш байцаан шалгаж байсан юм.

Даваа гарагт шүүхээс гаргасан шийдвэрт “К.Лагард арбитрын шүүхийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөөгүй. Гэхдээ арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдалгүй орхисноор хариуцлага алдсан” гэжээ.

К.Лагард бол ОУВС-гийн тэргүүнээр сонгогдсон анхны эмэгтэй билээ. Тэрбээр 2011 оноос хойш энэ албан тушаалыг хашиж байна.

ОУВС шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хуралдах аж.

К.Лагард давж заалдаж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Францын Эдийн засаг, сангийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “К.Лагард бол ОУВС-г удирдах ажилд өөрийн бие сэтгэлээ зориулж яваа хүн. Манай улсын Засгийн газар түүнийг цаашид ч дэмжих болно” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ