Залуучуудын хөгжил сонгуулийн “золиос” болов уу?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгчид болон Засаг дарга, бусад удирдлагуудын зүгээс аймгийнхаа зарим залуусыг тогтсон ажил, орлогогүйгээс болж архи ууж, гэмт хэрэгт холбогдож, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, гэр бүлээсээ салж байна гэдгийг олон нийтийн оролцоотойгоор олж харж, тэдэнд туслахын тулд 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.
Тухайлбал 2015 оны жилийн эцсийн байдлаар Өвөрхангай аймаг 112774 хүн амтай байснаас 41478 нь 15-35 насны залуус байв. Энэ нь хүн амын 36,8 хувийг эзлэсэн гэсэн үг. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн 1799 ажилгүйчүүдийн 56.1 хувь нь 16-34 насны залуучууд байсан ба 558 хүн гэмт хэрэгт холбогдсоны 58.0 хувийг энэ насны залуус үйлдэж, гэр бүл салалт 2014 онд 66, 2015 оны 10 дугаар сарын байдлаар 53 бүртгэгдсэний ихэнх нь залуу гэр бүл байжээ. Мөн осол, гэмтэл, өвчлөлөөс болж залуучуудын нас баралт багагүй байлаа.
Энэ нөхцөл нь залуу иргэдээ харж, хандах шаардлагатай болсныг илтгэж байсан учир 2016 онд залуучуудаа анхаарч, хамгаалах, дэмжих зорилт тавьж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд залуус ажлын байр, эрүүл мэндийн асуудлаа тодорхой түвшинд шийдвэрлэж, боловсрол, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж бий болох улмаар нийгмийн амьдралд эерэг талаас оролцох оролцоо нэмэгдэж, архидалт, салалт, гэмт хэрэгт холбогдох эрсдэл багасна хэмээн үзэж байв.
Гэвч Өвөрхангайн залуучууд энэ үр дүнг гаргаж чадсангүй. 2016 оны эхнээс өнөөг хүртэлх байдлаар авч үзвэл Цагдаагийн газарт 467 хүн гэмт хэрэг үйлдсэн хэмээн бүртгэгдсэн байгаагаас 251 нь 18-34 насны залуучууд байна. Тэдний үйлдэл нь хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зэрэг зөрчлүүд байна.
Мөн согтуугаар саатуулагдсан 1143, Шүүхээс 7-30 хоног баривчлах ял шийтгүүлсэн 188 иргэн байгаагийн дийлэнх нь залуучууд гэдгийг албаны хүн хэллээ. Тэрчлэн энэ он гарсаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2451 хүн ажил хайж бүртгүүлээд байгаагийн 1310 нь 18-35 насны залуус байна.
Аймгийн хэмжээнд 15-35 насны боловсролгүй залуус 700 гаруй байгаа ба эрүүл мэнддээ анхаардаг нь ч тун цөөн, түүний дотор залуучуудын дундах амиа хорлолт сүүлийн 3 жилийн байдлаар 23 хувиар нэмэгджээ.
Дээрх тоо баримтаас харахад залуучууд зорилтот жилийн ажлаас амьдралын болоод оюун санааны өөрчлөлтийг бараг аваагүй гэдэг нь илэрхий бөгөөд 200 сая төгрөг зарцуулан байж зохион байгуулсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт, урлаг, спортын арга хэмжээнээс чухам юу үлдэв.
Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг багасгах, Иргэдийг хорт зуршлаас гаргах, урьдчилан сэргийлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх, мэдээллээр хангах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийн тулд орчин нөхцөлийг хангах гэхчлэн хэдэн санаа цаасан дээр л үлджээ.
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймагтаа нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүрийг зорилтот жил болгон зарлах ажлыг 2009 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь үнэхээр ач холбогдолтой, сайшаалтай бодлого юм. Тодруулбал 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил”, 2010 оныг “Орчноо тохижуулах жил”, 2011 оныг “Их ой, бүтээн байгуулалтын жил”, 2012 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх жил”, 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”, 2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон тус тус зарлаж байв.
Эдгээр жилүүдэд нүдэнд харагдах, гарт баригдах бодит ажлууд хийгдэж байсан бол “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажил шальтай гавьсангүй гэдгийг тус бүлгийнхэн хэлсээр байна. Улс орны хэмжээгээр эдийн засгийн хямрал нүүрлэж, аливаа ажилд хөрөнгө зарцуулах боломжгүй болсны дээр сонгуулиуд зэрэгцэж, эрх мэдэлтнүүд УИХ болоод Орон нутгийн ИТХ-ын суудал, намынхаа ялалтын төлөө хамаг анхаарлаа тавиад залуучуудад өгсөн амлалтаа мартаж орхисон бололтой.
Залуучуудыг дэмжих бус харин тэдний дэмжлэгийг авахын тулд энэ оныг ийн нэрийдээ юү хэмээсэн “хардлага” ч олны дунд байна. Өвөрхангайн нийт хүн амын бараг тал хувь нь сонгуулийн насны залуучууд учраас ийн хардах нь зүйн хэрэг юм.
Б.Батчимэг