Алеппогоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-17 11:18:43

АЛЕППО. /Xinhua/. Сирийн Алеппо хотоос босогчид болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг тус улсын Засгийн газар түр зогсоожээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сөрөг хүчний бүлэглэлүүдийнхэн зэвсэг биедээ авч гаран нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцээрийг зөрчсөн байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын хүчнийхэн Оросын армийн дэмжлэгтэйгээр Алеппо хотыг бүрэн чөлөөлснөөр Сирийн сөрөг хүчнийхэн болон Орос тус хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон юм.

“Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, энэ долоо хоногийн пүрэв гарагт нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлснээс хойш тус хотоос 8000 гаруй хүн явжээ. Босогчдын түшиц газар байсан Алеппо хотын зүүн хэсэгт хэдэн арван мянган хүн бүслэлтэнд ороод байсан билээ.

Харин өчигдөр буюу баасан гарагт Асадын Засгийн газар нүүлгэн шилжүүлэх ажиллагааг гэнэт зогсоожээ.

Тус ТББ-ын мэдэгдсэнээр, засгийн газрын талыг баримтлахыг Асадын Засгийн газар хүмүүсээс шаардаж байгаа бөгөөд өөрсдийг нь дэмжсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгджээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ