Завхан аймаг ирэх дөрвөн жил дотооддоо баялаг бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-13 14:05:05

Завханы Улиастай сумын төрийн болон төрийн бус байгууллага, ААН байгууллагуудын дарга нарын ээлжит уулзалт боллоо.

Энэхүү уулзалтыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан санаачилж долоо хоног бүрийн эхний өдөр зохион байгуулж байгаа. Харин энэ долоо хоног буюу 11  дэх удаагийн уулзалт хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан нийслэл Улаанбаатар хотод томилолтоор ажилласан тухайгаа мэдээлэв. Тухайлбал аймгийн Засаг дарга “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгчтэй уулзаад иржээ. Уулзалтаар ирэх оны 7-р сарын эхээр аялал жуулчлалын бага хурлыг Завхан аймагт зохион байгуулахаар ярилцсан байна. Хэрвээ энэ хурлыг Завхан аймагт зохион байгуулвал  300 жуулчин ирнэ. Ингэснээр аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх эхлэл тавигдана гэж харж байгаа аж. Түүнчлэн ирэх онд гадаадын 500 гаруй томоохон төлөөлөгч оролцсон “Нүүдлийн соёл иргэншил ба аялал жуулчлал” олон улсын бага хурал Монголд болно. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын чуулган болж бичил төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Тиймээс Завхан аймагт хэрэгжиж болох, үндэслэл, судалгаа сайтай, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, үр дүнтэй бичил төслийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэлтэст хүлээн авч эхэлжээ.  Ингэснээр аймагтаа жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хөгжүүлж жуулчдыг орон нутгийн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ.

Завханы өрх бүр үйлдвэрлэгч болно

Завхан аймаг өрх бүр үйлдвэрлэгч байх зорилтын хүрээнд 24 суманд оёдлын сургалтыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо зохион байгуулжээ.

Сургалтаар 1000 эмэгтэй зүү ороох гоёлын оёдол хийж сурч 3700 гаруй бүтээл урласныг дуулгалаа. Эдгээр оёдолчдын төлөөллийг оролцуулж, бүтээлийнх нь үзэсгэлэн худалдааг ирэх нэгдүгээр сард аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс борлуулахын тулд биш, бүтээе гэсэн сэтгэлээр маш сайн, чанарын өндөр түвшинд урлаж байгаа эдгээр оёдолчдод сар шинэ, баяр ёслолынхоо дээл хувцасны захиалгыг өгч орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг байгууллагуудын дарга нарт уриаллаа. Харин орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын болон сумдын “Иргэний танхим”-д оёдолчин эмэгтэйчүүдийг ажиллах боломжийг бүрдүүлж өгч дахин суралцах хүсэлтэй эмэгтэйчүүдэд сумдын иргэний танхимд сургалт хийхийг үүрэг болгожээ. Дан ганц зүү ороох биш европ хувцасны эсгүүр оёдлын дамжааг мөн бодлогоор дэмжиж иргэдэд сургалт хийхийг хүслээ.

Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дор борлуулна

Улаанбаатар хотод бизнесийг дэмжих шинэ нэгж байгуулахаар болж ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулахаар болжээ.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод Завхан аймгийг төлөөлөх нэгж байгуулж орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаанбаатарын зах зээлд борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Тиймээс орон нутгийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хот дахь нэгжтэйгээ холбогдож үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж буйг дуулгалаа. Энэхүү нэгжээр дамжуулан Улаанбаатар хотод  ажиллаж амьдарч байгаа нутгийн эрдэмтдийн санал бодлыг сонсч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санал авах, хамтран харилцан ашигтай ажиллах гарцуудыг олох байна. Одоогийн байдлаар Завханы хүнсний хоёр үйлдвэр Улаанбаатар хотод нэрийн дэлгүүртэй аж. Тэгвэл олон жижиг нэрийн дэлгүүр ажиллуулахгүйгээр Завханы бүхий л нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалддаг борлуулдаг, бизнест хамтран ажиллах түнш олох зорилготой нэг нэгж салбар байх нь зүйтэй гэдгийг аймгийн Засаг дарга онцлов.

Завхан аймаг тариалангийн бүс нутаг болно

Завхан аймаг ирэх хавар гадны хөрөнгө оруулалтаар 10.000 га талбайд улаан буудайн тариалалт хийх төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Улаан буудай тариалах ажлыг хамтарсан компани байгуулах зарчмаар зохион байгуулж чадвал, аймагтаа томоохон гурилын үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Өнөөдөр Хятадын зах зээл дээр цэвэр эко хөрсөн дээр, ямар нэгэн үр бордооны хүчиллэгийн нөлөөгүй тариалсан улаан буудай, түүгээр хийсэн гурил нэн чухал шаардлагатай байна. Тиймээс дотооддоо үйлдвэрлэж, Хятад руу экспортод гаргадаг гурилын үйлдвэртэй болохыг зорьжээ. Одоогийн байдлаар төслийн судалгааг хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг дотооддоо төмс хүнсний ногоо тариалж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Мөн улаан хальст сармисыг аймгийнхаа брэнд болгож жил бүр га гаас авах ургац нэмэгдэж байгаа сайн мэдээ байна. Ирээдүйд Завхан аймаг хүнсний ногоо, малын тэжээл тариалдаг тариалангийн бүс нутаг болно. Ингэснээр ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл орон нутагт буурна гэдгийг Засаг дарга хэллээ.  Ирэх долоо хоногоос эхлэн албан байгууллагын дарга нарын хурлыг  тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах журмаар өөр өөр байгууллага дээр зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ