Дарханы тамирчин Дэлхийд данстай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-12-12 22:57:56

Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах долоо дахь тэмцээнээс Дархан-Уул аймгийн “Дархан фитнесс клуб”-ын багш Б.Бадамсүрэн “Эмэгтэй, атлетик-бие бялдар” ангилалд алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон болж улмаар эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч Дарханчууд төдийгүй Монгол түмнээ баярлууллаа.

Аймгийн БТСГ-ын дарга Н.Батлов: “Энэ тэмцээн өнгөрсөн 11 дүгээр сарын 30-наас энэ сарын 5-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо болж 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог бөгөөд Монголоос эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин очиж бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель зэрэг төрлөөр оролцоод ирлээ. 

Тэдгээрээс манай аймгийн “Дархан фитнесс клуб”-ын багш Б.Бадамсүрэн оролцсон ангилалдаа алтан медаль хүртэж дэлхийн аварга болж улмаар эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч амжилт гаргалаа. Монголын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Б.Бадамсүрэн багшийн хичээллүүлдэг фитнесс клуб нь суралцагч олонтой байнгын ачаалалтай ажилладаг клубуудын нэг. Бид аймагтаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээс гадна сайн дурын дэвжээ, клубуудыг дэмжиж ажиллахад анхаарлаа хандуулж байна. “Монголын бодибилдинг, фитнессийн холбоо” ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулна” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ