Монголыг соёл урлагаар гадаадад сурталчлах цар хүрээ, чадамжийг хэлэлцэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2015-10-14 12:53:46

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд ГХЯ-наас цувралаар зохион байгуулж буй бодлогын хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвээр энэ сарын 13-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах үйл ажиллагааны өнөөгийн байдал”сэдвийн хүрээнд Соёл урлагийн их сургууль, Нийслэлийн соёл урлагийн газрын төлөөлөгчид болон соёл урлагийн зүтгэлтнүүд илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо илэрхийлэв.

Хоёрдугаар хэсэгт “Монгол Улсын соёлын гадаад сурталчилгааны цар хүрээ ба чадамж” сэдвийн хүрээнд соёл урлагийн салбарын томоохон байгууллагуудын удирдлага, найруулагчид, жүжигчид, хөгжимчид, дуучид, сэтгүүлч зэрэг нийт 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчид байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвийн хүрээнд оролцогчид “Соёл урлагийн гадаад сурталчилгааг эрчимжүүлэх оновчтой бодлого юу байх”, “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлогын хамрах хүрээ, агуулга, стратегийн тухай санал бодлоо солилцон дүгнэж ярилцав.

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаарийг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.

Холбоотой мэдээ