Хүүхдүүд хууль эрх зүйн мэдлэгээрээ өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 11:26:19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд хууль-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-ны өдөр Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын байранд болно.

Тус тэмцээн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын идэвх, оролцоог дэмжих, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой юм.

Өнгөрсөн 11 дүгээр сард энэхүү тэмцээний эхний шатыг 5 бүс буюу Галшар, Өмнөдэлгэр, Батширээт, Бэрх, Хэрлэн суманд зохион байгуулсан бөгөөд тэмцээний урд бүсийн аваргаар Дархан сумын “Өсвөрийн аврагч” баг, Баруун бүсийн аваргаар Өмнөдэлгэр сумын “Гэрэгэ”, Хойд бүсийн аваргаар Баян-Адарга сумын “Тэмүүлэл”, Зүүн бүсийн аваргаар Баян-Овоо сумын “Соёмбо”, Төвийн бүсийн аваргаар “Тэмүүжин” цогцолбор сургуулийн “Дэнс” баг шалгарч аймгийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. 

Бүсийн тэмцээнд нийт 22 сургуулийн баг өрсөлдөж, 10.000 гаруй сурагч үзэж сонирхжээ.Тэмцээнд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хурх тосгоны сургуулиуд оролцоогүй байна. Аймаг, сумдын ИТХ-аас тус тэмцээнийг нийт 2 сая 410 мянган төгрөгөөр санхүүжүүлэн зохион байгуулжээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь багуудын мэндчилгээ, жүжигчилсэн үзүүлбэр, асуулт хариулт, сургуулийн нийгмийн ажилтнуудын тэмцээн, багийн ахлагч нарын асуулт хариултын тэмцээн, үзэгч сурагчдын дундах асуулт хариултын тэмцээн, багуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын танилцуулга, оролцогч багуудын урлагийн тоглолт гэсэн хөтөлбөртэйгээр болох бөгөөд сургуулиуын сурагчдад үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой, нээлттэй болдгоороо ач холбогдолтой.

Аймаг, сумдын ИТХ, Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг юм.

Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ