Голланд: "МН-17" онгоц ОХУ-д үйлдвэрлэсэн пуужинд оногдсон

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-14 10:12:18

АМСТЕРДАМ. /NHK/. Өнгөрсөн оны долдугаар сард Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын агаарын тээврийн нисэх онгоц ОХУ-д үйлдвэрлэсэн пуужинд оногдсон гэж Голландын эрх бүхий байгууллага дүгнэсэн байна.

Амстердамаас Куала-Лумпур чиглэлд нисэж явсан уг онгоцонд 298 зорчигч байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан билээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын эцсийн дүнг Голландын Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр танилцуулсан байна.

Украин дахь сүйрлийн газраас авчирсан нисэх онгоцны хэсгүүдийг эвлүүлсэн Нидерландын өмнөд нутаг дахь агаарын баазад тус зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

“Нисэх багийн бүхээгийн зүүн гар талын дээд хэсгээс олон тооны хэлтэрхий нисэх онгоцыг оносон байна. Мөн нисэх онгоц осолдохоос өмнө өндөр давтамжтай дууны долгион гарч байгааг дуу хураагчаас илрүүлсэн. Пуужингийн хошуу нисэх онгоцны ойролцоо дэлбэрсний улмаас онгоц агаарт сүйрсэн байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Эдгээр нь ОХУ-д үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингийн өнгө болон хэлтэрхийтэй ижил байна гэж тэд дүгнэсэн байна.

Гэвч илтгэлд пуужинг хэн харвасныг заагаагүй бөгөөд Украины зүүн нутгийн 320 хавтгай дөрвөлжин км газраас пуужинг харвасан гэж мэдэгджээ.

ОХУ-ын талыг баримтлагч бүлэг нисэх онгоцны сүйрэлд буруутай гэж Украин болон Өрнөдийн орнууд үзэж байгаа бол Украин үүнд буруутай гэж тус бүлэг болон ОХУ үзэж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ