Алеппод гал зогсоохыг уриалсан тогтоолд ОХУ, БНХАУ хоёр хориг тавилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-06 10:09:17

НҮБ. /ВВС/. Сирийн Алеппо хотод долоон хоногийн хугацаагаар гал зогсоохыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд ОХУ болон БНХАУ хориг тавилаа.

Эцсийн тогтоолыг хянаж үзэх 24 цагийн хугацааг улс орнуудад өгдөг зөвлөлийн дүрмийг энэ тогтоол зөрчиж байна гэж ОХУ мэдэгдсэн байна.

Сирийн Засгийн газрын хүчний Алеппо хотод явуулж буй цэргийн ажиллагааг ОХУ  зөвтгөн хамгаалж байна гэж АНУ мэдэгджээ.

Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын зүүн хэсгийн зарим дүүргийг хяналтдаа оруулсан гэж мэдэгдсэн билээ. Хэрвээ энэ мэдэгдэл үнэн бол тус улсын Засгийн газар ганцхан долоо хоногийн дотор босогчдын хяналтад байсан газар нутгийн 70 орчим хувийг эргүүлэн авсан гэсэн үг юм.

Одоогийн байдлаар босогчдын хяналтад байгаа дүүргүүдэд 100 мянга гаруй хүн бүслэгдээд байгаа бөгөөд тэдэнд хоол хүнс, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай байна.

Өчигдөр Египет, Шинэ Зеланд, Испанийн хамтран өргөн барьсан дээрх тогтоолын төсөлд ОХУ, БНХАУ хоёр хориг тавьжээ. Венесуэл улс эсэргүүцсэн санал өгсөн бол Ангол санал өгөхөөс түдгэлзсэн байна. Харин Аюулгүйн Зөвлөлийн бусад 11 орон тогтоолын төслийг дэмжжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ