Ш.Мирзиеев Узбекистаны Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-06 07:58:28

ТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзиеев ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ.

Тус улсын СЕХ-ноос даваа гарагт гаргасан сонгуулийн урьдчилсан дүнгээр парламентын доод танхим дахь улс төрийн хамгийн том хүчин болох Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Мирзиеев 88 хувийн санал авсан байна.

Тэрбээр 2003 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримов энэ оны есдүгээр сарын 2-нд таалал төгссөнөөр тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон юм.

И.Каримовын бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ Ш.Мирзиеев сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан учир ням гарагийн сонгуульд ялах магадлал маш өндөр байлаа.

И.Каримов Узбекистаныг 1991 онд тусгаар тогтносноос хойш 25 жилийн турш удирдсан юм. Тэрбээр Орос, Хятад болон Барууны улсуудаас зайгаа барин омни чиглэлийн дипломат бодлого явуулдаг байсан билээ. Мөн хөрш Афганистанаас тархсан лалын хэт давруу үзэлтэй хатуу тэмцэж байв.

Г.Доржханд 

 

Холбоотой мэдээ