Б.Батсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэг юм хийж байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-04 21:16:28

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулж Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Б.Батсүхтэй ярилцлаа.

-Танай зөвлөлд хэчнээн байгууллага нэгдэж байна?

-Манай зөвлөл нь Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дархан-Уул аймгийн нэгдсэн зөвлөл гэж ойлгож болно. Аймгийн хэмжээнд идэвхтэй ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудыг чиглүүлж эрхийг нь хамгаалах, төр иргэний гүүр болж ажиллах зорилготой. Аймгийн ХХҮГ-ын дэмжлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн хороо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн холбооны тус аймаг дахь салбар зэрэг төрийн бус байгууллагууд тогтмол ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хохирох тохиодол гардаг уу? Хэрвээ гардаг бол юунаас болдог вэ?

-ХБИ-дийн эрх ашиг нэг хэсэг их хүнд байсан. Тэднийг харьяалах төрийн бус байгууллагууд байгуулагдаж дуу хоолойгоо хүргэх боломжтой болсоноор төр засгаас биднийг илүү их ойлгон дэмждэж үйлчилдэг болсон. Бидний хувьд эн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол дэд бүтэц байдаг. Хоёрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурч мэдэх, төрийн мэдээлэл болон үйлчилгээ авахад дутагдал бий. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй болон гэрээсээ гарч чаддаггүй хүний асаргаанд байдаг хүмүүст мэдээ, мэдээллийн хүртээмж маш муу байдаг. Тэд маань ХХҮГ-ын баг хариуцсан мэргэжилтнүүд эсвэл холбогдох ТББ-уудаас л өөрт хэрэгтэй мэдээллийг авч байна. Энэ нь хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд телевиз, утас зэргээс мэдээлэл авах нөхцөл манайд байхгүйтэй холбоотой. Зарим хүмүүсийн хувьд тэдний нийгмийн идэвх сул, төрөөс юм авах, төрийн халамжид байх ёстой гэсэн сэтгэхүйтэй хүн олон бий шүү дээ.

-ХБИ-ийн хэдэн хувь нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг бэ? Энэ талаар тодорхой судалгаа байдаг уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн чадлаар ажил хөдөлмөр эрхэлдэг олон хүн байдаг. Аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 50 хувь нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. Тэднээс одоогийн байдлаар төр болон хувийн байгууллагад 10 хувь нь ажиллаж байгаа бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь 15 хувийг эзэлдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс спортоор хичээллэг олон тамирчид байдаг. Манай аймагт хэдэн тамирчин байдаг вэ?

-Манай аймгийн хэмжээнд 45 тамирчин байдаг. Бид 2009 оноос эхлэж тамирчдаа Параолимпид оролцуулж байна. Манай аймгийн тамирчид бүх спортын төрлөөр оролцож багаараа улсад гурван жил дарааллан түрүүлсэн. 2014 онд аймгийн засаг дарга С.Насанбатын дэмжлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Пара улсын аварга” шалгаруулах тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулсан. Одоогоор Д.Саруултөгс маань 2020 онд болох олимпид оролцохын тулд эрх авах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл хийж байна.

-Ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна. Таныг мөн л ийм ослоос болж гэмтэл авсан гэсэн?

-Би 22 настайдаа үйлдвэрийн ослоор нуруу нугасны гэмтэл авсан. Тэр үед “Хүч нийгэмлэг”-т үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчин байлаа. Ослын дараа зүгээр сууж чадалгүй дасгалжуулагчаар хэсэг ажиллаад надад тохирохгүй юм байна гэж үзэж алт мөнгөний дархан, гутал засвар ажиллуулах болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зүгээр битгий суу гэж л хэлмээр байна, Залуу, эрүүл хүмүүст сэрэмжлүүлэхэд анхаарал болгоомжтой байгаарай гэж захия. Хүмүүсийг харж байхад хамгийн түрүүнд сэтгэл гутралд орж байгаа нь их ажиглагддаг. Би ч тийм байдалд байсан, тэр бүхнийг даван туулахад ойр дотны хүмүүс их нөлөөлдөг. Бас тэднийг идэвхгүй болгодог хүмүүс нь мөн л гэр бүл, ойр дотныхон л байдаг. Гэрээс гаргадаггүй, ТББ-ын төлөөлөл уулзахаар очиход уулзуулдаггүй, тэр хүнээрээ түрий барьж төрөөс олгодог бүх халамжийг авдаг хүмүүс ч байдаг. Сүүлийн үед Харааны бэрхшээлтэй, сэтгэцийн бэрхшээлтэй иргэд их болж  байна. Ослоос болж хийж бүтээх насандаа олон залуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Ирэх онд ХБИ-эд хандсан ямар ажлыг аймаг, орон нутаг эн тэргүүнд хийгээсэй гэж хүсч байна вэ?

-Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нийгмийн идэвхтэй болгоход анхаарал хандуулмаар байна. Өөрөө санаачлагатай байж төрийн халамж авах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Тиймээс холбогдох байгууллагууд хамтарч дэмжиж ажиллах нь зүйтэй. Мөн ХБИ-ийн төрийн бус байгууллагууд улсын хэмжээнд 140 гаруй байсан. Тэднээс цөөрсөөр одоогийн байдлаар 94 төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Энэ төрийн бус байгууллагууд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодитоор хүрч ажиллаж чадаж байна уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бодит ямар ажил хийж байна вэ? гэдгийг судлах хэрэгтэй.

                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ