Лалын шашинтнуудыг доромжилсон Жакарта хотын захирагчийг огцрохыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-03 14:50:41

СИНГАПУР./TASS/. Өчигдөр буюу баасан гарагт олон мянган хүн Индонез улсын нийслэл Жакарта хотод болсон жагсаалд оролцож, лалын шашинтнуудыг гутаан доромжилсон нийслэлийн захирагч Басуки Чахая Пурнама -г огцрохыг шаарджээ.

Уг арга хэмжээ 600 мянган хүн багтах Эрх чөлөөний талбайд болж өнгөрлөө. Цагдаа нарын тооцоолсноор, 150 мянга гаруй жагсагчид энд цугларсан бололтой.

Олныг хамарсан энэ жагсаалаас өмнө 11 дүгээр сарын 4-нд Жакарта хотод 100 мянга орчим хүн оролцсон жагсаал болсон юм. Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсны улмаас 350 орчим гэмтэж бэртжээ.  

Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон гол шалтгаан нь христийн шашин шүтдэг нийслэлийн захирагч /хятад гаралтай/ лалын шашинтнуудын талаар таагүй үг хэлж буйг харуулсан дүрс бичлэгтэй холбоотой юм. Хотын захирагч хэлсэн үгнийхээ төлөө уучлал хүссэн боловч цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж, Ерөнхий прокурорын газар уг хэргийг  шүүхэд шилжүүлжээ. Нийслэлийн захирагчийг одоогоор хориогүй байгаа боловч улс орноосоо гарч явахыг хоригложээ.

Индонез улсын хүн амын тоо 250 орчим сая бөгөөд тэдний 88 хувь нь лалын шашинтнууд юм.

Х.Сарнай

Холбоотой мэдээ