Киргизийн Үндсэн хуулийн талаарх санал асуулгыг гадаадын 36 төлөөлөгч ажиглана

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-11-29 13:16:00

БИШКЕК./TASS/. Киргиз улсын Сонгууль болон санал асуулга зохион байгуулах төв комисс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаарх бүх нийтийн санал асуулгын явцыг ажиглах хүсэлтээ ирүүлсэн гадаадын 11 улс, 13 олон улсын байгууллагын ажиглагчдыг бүртгэн авчээ.

“Санал асуулга явуулах бэлтгэх ажил болон санал хураалтын явцыг Молдав, Украин, Казахстан, Литва, Беларусь, Туркменистаны Сонгуулийн төв хороодын төлөөлөгчид ажиглах болно. Түүнчлэн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн Гүйцэтгэх хороо, Түрэг хэлт улсуудын хамтын ажиллагааны Зөвлөл, Ханс Зайделийн сан, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ” гэж  дээрх комисс мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар нийтдээ гадаадын 36 ажиглагч бүртгүүлээд байгаа аж. Түүнээс гадна санал авах үеэр дотоодын хэдэн зуун ажиглагчид ажиллах юм.

Киргизийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаарх бүх нийтийн санал асуулга 12 дугаар сарын 11-ний өдөр болох гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон  нийт дэмжсэн тохиолдолд тус улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хумигдаж, харин Ерөнхий сайд болон парламентын эрх мэдэл өргөжих ажээ. Түүнээс гадна, шүүх, хууль сахиулах байгууллагад гүн гүнзгий өөрчлөлт хийгдэнэ гэж үзэж байна. Санал асуулгын үеэр хэд хэдэн бүс нутагт орон нутгийн зөвлөлийн /кенеш/ депутатуудыг сонгох сонгууль болох юм.

Х.Сарнай   

 

Холбоотой мэдээ