АНУ-ын агаарын бааз байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-13 11:48:18

ТОКИО. /RIA Novosti/. Японы Хэноко булангийн Наго хотын ойролцоо АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулж нисэх онгоцны шинэ буудал байгуулах зөвшөөрлийг тус улсын Окинава мужийн захирагч албан ёсоор хүчингүй болгожээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, Окинава мужийн захирагч Такэши Онага өөрийн шийдвэрийн тухай Японы Батлан хамгаалах яамны тус муж дахь салбарт мэдэгдсэн байна.

Окинава арлын төв хэсэгт оршдог Гиннован хот дахь АНУ-ын цэргийн баазыг хаах шийдвэрийг Японы Засгийн газар 20 орчим жилийн өмнө гаргасан юм. Эхэндээ уг баазыг мужийн гадна шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байсан боловч дараа нь арал дотроо шилжүүлэн байрлуулахаар болж,  үүний тулд урьд нь Америкийн  "Кемп-Шваб" бааз байрлаж байсан Хэноко хотод нисэх онгоцны шинэ буудал барихаар болжээ.

Окинава мужийн оршин суугчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд  шинэ буудал барих өмнөх захирагч Хироказу Накаимойгийн гаргасан шийдвэрийг Такэши Онага хүчингүй болгоно гэж хэдэн жилийн өмнө сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байв. Японы эрх баригчид Окинава мужийн одоогийн захирагчийг ятгахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ.

Окинава муж нь Японы газар нутгийн 0.6 хувийг эзэлдэг боловч тус мужид Америкийн цэргийн объектуудын 74 хувь нь байрладаг байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ