Эрүүл хүүхэд эх орны ирээдүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 22:31:47
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Эрүүл мэндийн газар болон Дэлхийн Зөнгөөс хамтран "Эрүүл хүүхэд илүү сайн сурдаг" сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын гол зорилго нь хүүхэдтэй харьцдаг байгууллагуудаас эрүүл хамт олныг төрүүлэх, хүүхэд, багш ажилчдын эрүүл мэндийн талаарх боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Энэ сарын 3-9-ний хооронд Төв аймгийн Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр, Борнуур, Баянчандмань, зэрэг сумдын ерөнхий боловсролын сургуулиуд дээр уг сургалтыг зохион байгуулжээ.

Үүнээс гадна уг сургалтаар “Салбар хоорондын хамтарсан эрүүл мэндийн баг”-ийг бүрдүүлж, чадавхжуулах, “Сургуулийн багш, ажилчдад эрүүл хамт олон болж ажиллахад дэмжлэг үзүүлэх" гэсэн хоёр чиглэлээр явагджээ.

Өнөөдөр Төв аймгийн Зуунмод сумын нийгмийн бодлогын ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн эмч болон Өрхийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан болоод Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн зэрэг салбар бүрээс хамруулан сургалтаа явуулж байгаа тухай Төв аймгийн Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн Ж.Батнасан хэллээ.

Тэрээр эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ бодлыг цэгцлэн, хандлагыг нь өөрчилж, эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшлийг эртнээс суулгаж өгөх тал дээр чин сэтгэлээсээ ажиллахыг өөрийн зүгээс зөвлөсөн юм.

Сургалтад хамрагдсан хүмүүсийн нийгмийн эрүүл мэндийн мэдлэг нэмэгдэж, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хийх ур чадвар, арга зүй сайжирсан талаар оролцогчид хэлж байв.

Цаашид баг хамт олноороо эрүүл орчин бүрдүүлэн ажиллах боломж бүрдэж байгаа бөгөөд орон нутгийн хүүхдийн байгууллагуудад эрүүл хамт олныг бүрдүүлэн ажиллана хэмээн зохион байгуулагчдийн зүгээс онцолж байлаа.  

Мөн ухаалаг утас хүүхэддээ авч өгөхөөс аль болох татгалзаж хүүхэдтэйгээ илүү амьд харилцааг бий болгох, тэднийг нь багаас нь эрүүл зан үйлээр тордож байхыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ