Цасан дээр цацах бодис өмнөх жилүүдийнхээс хоёр дахин их хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт өвлийн сар гарснаас хойш хоёр удаа цас орсон. Замын халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас эхний цаснаар давс цацах арга хэмжээг авч ажилласан байна.
Харин сүүлд орсон буюу 11 дүгээр сарын 14-нд цас их хэмжээгээр орж нийтийн эзэмшлийн зам талбай, авт замууд дээр халтиргаа гулгаа үүсээд байсан. Зам тээврийн осол болоод явган зорчигч халтирч гэмтэхээс урьдчиан сэргийлэн цас хайлуулах зориулалтын бодис цацах ажлыг 11 дүгээр сарын 16-ны өдөр эхэллээ.
Орон нутгийн сонгууль болоод хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй байсантай холбоотойгоор өвлийн бэлтгэл ажил оройтсон, одоо ч дутуу хийгдсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногт Баруун-Урт сумын зүгээс зарим хөрөнгө мөнгийг шийдэж өгсөнөөр, бид одоогоор цасан дээр цацах 10 тонн орчим зориулалтын бодисыг татан нөөцлөөд байна. Нэг удаа цацахад 3-4 тонн бодис ордог учир энэ бол хангалтгүй. Учир нь улсын дундаж үзүүлэлтээр өвөлдөө 5-6 удаа цас их хэмжээгээр унадаг. Харин энэ жилийн хувьд цагийн байдал болоод цаг уурын мэдээгээр цас илүү их орох төлөвтэй байгааг хэлж байгаа. Тиймээс энэ бодисыг дахин нэмэх шаардлагатай. Харин давсыг хараахан татаж амжаагүй байна, ирэх долоо хоногт татагдах байх гэдгийг Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ын дарга Н. Энхжаргал хэллээ.
Баруун-Урт сумын 3-р тойргийн 7 км урт зам энэ намар ашиглалтанд орсон. Үүнийгээ дагаад ашиглагдах бодисын хэмжээ илүү их нэмэгдсэн. Тиймээс урьд жилүүдэд ашиглаж байснаас 2 дахин илүү хэмжээний бодис шаардлагатай.
Өмнө нь цас хайлуулагч бодисыг БНХАУ-аас татдаг байсан бол, энэ жил ОХУ-д үйлдвэрлэгдсэн бодисыг татан туршиж байгаа юм байна. Бодисыг орой үдшийн цагаар цацах боломжгүй, нартай цэлмэг үеэр цацах ёстойг хэлж байлаа.
Цас хайлуулах бодис нэг тонн нь 1-2 сая төгрөгийн үнэтэй.
Т. Одончимэг