Увсын чацарганы пальмитиний хүчил бусад газрынхаас 2.5 дахин их

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2016-11-16 11:38:57

Увс аймагт ургуулсан хоёр төрлийн сортын чацарганы тосыг Монголын бусад газар ургуулсан чацарганыхтай харьцуулан шинжлэхэд Увсынх нь эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчил 2.5 дахин их агуулсан байжээ. Мөн гадна хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тостой харьцуулахад чацарганын тосны чанар 40 хувиар илүү гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоосон байна.

Тиймээс чацарганы үр шимийг хүртэхэд зөв технологиор дэлхийн зах зээлд нийцэх нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортлохоор “Чацаргана” төсөл чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Монгол, Герман улсын ХАҮТанхимын хамтын ажиллагааны хүрээнд Увсын чацарганыг дэлхийн зах зээлд нийлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2015 оны 11-р сараас “Чацаргана” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тус төслийн хүрээнд орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх үүднээс аймгийн ХАҮТ-ын дэргэдэх Чацарганы кластер багийн гишүүдийг ХБНГУлс болон БНХАУ-ын Гуанжу хотын чацарганы салбарын хөгжил, үйл ажиллагаатай танилцах аялалд хамруулсан байна.

Үүний тулд бусад орны техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, шинэ санаа инновацийг судлах нь чухал аж.

Увс аймгийн хувьд Тайвань, Япон, Хятад зэрэг орнуудад чацаргана нийлүүлэх гэрээ хэлцэл хийж явж байгаа бөгөөд орон нутагтаа үйлдвэрлэсэн чацарганы тос, шүүс, ундаа зэргийг бага хэмжээгээр гаргаж туршиж үзсэн байна. Чацарганыг бүтээгдэхүүн хийлгүйгээр дангаар нь гадагшаа нийлүүлэх гэхээр тээвэрлэх хугацаанд муудах эрсдэлтэй тул зайлшгүй бүтээгдэхүүн болгох шаардлагатай ажээ. Иймээс аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагтаа олноор үйлдвэрлэж, гадны зах зээлд нийлүүлэх тал дээр "Чацаргана" төсөл анхаарлаа хандуулж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ