Монголын уран бүтээлчид Японы 18 хотод аялан тоглолт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-15 17:31:37

Улсын Филармоний “Морин хуурын чуулга”, Төрийн соёрхолт Д.Сосорбарамын ахалсан “Билгүүн ундрага” хамтлагийн уран бүтээлчид Японы 18 хотод Монголын үндэсний урлагийн ид шидийг гайхуулав.

Энэ удаагийн аялан тоглолт газар хөдлөлтийн бүс нутагт оршин суугаа, байгалийн гамшигт өртөж бие сэтгэл, эд материалын хохирол амсаж яваа япончуудад сэтгэлийн дэм өгөх зорилго агуулсан нь хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлж, хоёр талын харилцааны хуудсыг шинэ агуулгаар баяжуулсан байна.

“Морин хуурын чуулга” нь Фүкүшима мужийн Соо, Широкава хотод, “Билгүүн ундрага” хамтлаг Ойта мужийн Киси тосгон, Фүкүока мужийн Күрүмэ хотод хандивын тоглолт хийж, буяны үйлст нэгдэв.

“Японы ард түмэнд тохиолдсон гашуудал харууслыг ая дуугаар нимгэлэн, урам өгөхийг зорьсон. Монголчуудад цаг ямагт тусламжийн гараа сунгадаг японы ард түмэнд монгол урлагаар талархлаа илэрхийлж чадлаа” хэмээн уран бүтээлчид хэлж байв.

“Морин хуурын чуулга”-ын аялан тоглолтын багт Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат хүндэт зочноор уригдан Тоттори муж, Токио хотноо болсон тоглолтын үеэр Монгол орны тухай, монгол ёс заншил, нүүдэлчдийн соёлын талаар лекц уншсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ