Холбоодын цомын тэмцээний тасалбарыг худалдаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-11-10 10:55:41

МОСКВА. /TASS/. 2017 онд ОХУ-д болох Олон улсын хөлбөмбөгийн холбооны Холбоодын цомын төлөөх тэмцээний /FIFA Confederations Cup/ тасалбар эхний өдрөө 30 мянга гаруй ширхэг борлогдлоо гэж тус холбооны хэвлэлийн алба мэдэгдэв.

Виза карттай хүмүүс тэмцээний тасалбарыг хамгийн түрүүнд худалдан авах боломжтой ажээ. Хэсгийн тоглолтын тасалбарын үнэ 960 рубль буюу 15 орчим доллароос эхэлж байна. Энэ нь зөвхөн ОХУ-ын иргэдэд зориулсан 4 дүгээр зэрэглэлийн тасалбар аж. Харин бусад багуудын фенүүдэд зориулсан гуравдугаар зэрэглэлийн тасалбарын үнэ 70 доллароос эхэлж байна.

Эхний өдөр 30 мянга гаруй ширхэг тасалбар борлууллаа. Эдгээрийн таван хувийг Чили, Герман, АНУ-ын иргэд худалдан авсан гэж ФИФА-гийн хэвлэлийн алба мэдэгджээ.

Ирэх оны Холбоодын цомын тэмцээнд оролцох долоон орны баг аль хэдийн тодроод байна. Эдгээр нь  2014 оны дэлхийн аварга Герман, 2015 оны “Копа Америка”-гийн аварга Чили, 2015 оны Азийн аварга Австрали, 2015 оны КОНКАКАФ-ын Алтан цомын эзэн Мексик, 2016 оны УЕФА-гийн цомын эзэн Португаль, Далайн орнуудын хөлбөмбөгийн холбооны Үндэсний цомын эзэн Шинэ Зеланд юм. Үлдсэн найман багийг ирэх онд болон Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээний дараа тодруулна.

Холбоодын цомын тэмцээн ирэх оны зургадугаар сарын 17-ноос долдугаар сарын 2-ны хооронд Оросын дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ