Д.Трамп илүүрхэж эхлэнгүүт Токиод долларын ханш уналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 11:14:15

ТОКИО./TASS/. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож байгаа тухай мэдээллүүд ирсээр байгаатай холбоотойгоор Японы Токио хотод ам.долларын ханш унаж байна.

Нэгэн арилжааны явцад нэг долларыг 103 иенээс доош ханшаар худалдан авчээ. Энэ нь мягмар гарагийн үдээс хойш тогтсон ханшаас даруй 2 иенээр буурсан гэсэн үг юм.

Өнөөдөр өглөө Токиод арилжаа эхлэх үеэр АНУ-ын долларыг 105-аас дээш иенээр худалдан авч байсан нь Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон сонгуульд амжилт гаргана гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байлаа. Гэтэл Трамп зарим талаар илүүрхэж, зарим үед тодорхойгүй байдал үүссэн тул брокерууд америк доллароо яаралтай зарж, иенийг тогтвортой валют гэж үзэн их хэмжээгээр худалдан авч эхэлжээ.

Түүнээс гадна, АНУ-д болж буй сонгуулийн санал хураалтын явц нь Токиогийн Хөрөнгийн биржид савлагаа үүсгэсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагт арилжаа хаагдах үед Nikkei индекс 2,2 хувиар унасан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь тодорхойгүй болж эхэлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ