Кёкүшюзан Д.Батбаяр: Оффшор бүсэд данстай ижил нэртэй хүнтэй андуурсан болохыг тогтоосон

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-08 15:05:51

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр өөртэй нь холбоотой яригдаад байсан оффшор дансны эзэн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даваагийн Батбаяр гэх хүн болохыг тогтоосныг мэдэгдэж, тайлбар хийв.

Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай Монгол Улсын 49 хүний нэрийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс өнгөрөгч 5 дугаар сарын 9-нд зарласан. Үүнийг нэг нь болох Д.Батбаяр гэх хүн Их Британийн Виржини аралд байрлалтай Impox Co.Ltd, Gumax Co.Ltd, Abros Co.Ltd компаниудад хувьцаа эзэмшдэг гэснийг УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяртай холбон нийтэд мэдээлсэн. Харин уг мэдээллийг тэрбээр тухайн үед няцааж, ЦЕГ, ТЕГ, АТГ-т хандан өөрийн хүсэлтээр шалгуулж байсан юм. Түүний хүсэлтийн мөрөөр шалгалт явуулж ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хариу ирүүлсэн бөгөөд үүнд “Их Британийн Виржини аралд байрлалтай Impox Co.Ltd, Gumax Co.Ltd, Abros Co.Ltd компаниуд нь танд хамааралгүй болохыг тогтоосон болно” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр тухайн үед мөн хэвлэлд хандан мэдээлэл хийж байсан юм.

Харин өнөөдрийн мэдээллээр тэрбээр өөртэй нь нэр нэгтэй Д.Батбаяр гэх хүн оффшорт данстай учир андуурагдсан талаар тайлбар хийв. Тэрбээр ““Mongol HD” телевизээс надтай холбогдсон оффшор дансны жинхэнэ эзнийг олж мэдээлсэн. Энэ хүн бол би биш, Орхон аймгийн ИТХ-ын гишүүнээр ажиллаж байсан, сая орон нутгийн сонгуульд мөн МАН-аас нэр дэвшээд ялсан Даваагийн Батбаяр гэгч болохыг тогтоосон. Тус телевизийн 11 дүгээр сарын 6-ны өдөр Панамын баримтууд цуврал сурвалжлагаар хүргэсэн мэдээлэлд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэний оффшор дансанд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр гэх хүнийг холбоотойг мэдэгдсэн.

Би оффшор бүсэд дансгүй болох нь үүгээр бүрэн тогтоогдож байна. Анх оффшор дансны тухай асуудал ярьж эхлэхэд “хилийн чанадад данстай” хүнийг оффшор данстай гэж иргэд ойлгож байсан. Тиймээс тухайн үед би үнэнээ хэлсэн. Надад гадаад улсад, японд данс бий. Тэр нь гэхдээ оффшор биш, цалингаа авдаг данс байсан. Тухайн үед 4-5 данс нээгээд одоо тэр нь хаагдсан. Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Гэтэл дээрх асуудал үүсч, намайг оффшор бүсэд данстай Д.Батбаяр гэдэг хүнтэй андуурснаас болж Японоос барилгын компанид маань орж ирэх 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт саатсан. Эдийн засгийн энэ хүнд үед Монголд хөрөнгө оруулъя, дэмжье гэсэн хөрөнгө оруулалтууд зогссон. Оффшорын асуудлыг тодорхой болсны дараа эргэн ярина гэж найдаж байна” гэлээ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Холбоотой мэдээ