Эрдэнэбулган сумын ИХ-ын төлөөлөгчдийн хамгийн залуу нь 27 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 14:28:45

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын Төлөөлөгчийн тоо 31 байхаар заасны дагуу МАН-аас 31 нэр дэвшигч, АН-аас 28 нэр дэвшигч, бие даан 1 нэр дэвшигч нийт 60 нэр дэвшигч 31 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгэгджээ. Сонгуулийн үр дүнд 31 мандатын 30 мандатыг МАН, 1 мандатыг АН-аас нэр дэвшигч авч сумын ИТХ-д МАН олонх болсон байна.

Нийт санал өгсөн сонгогчдын саналын 64,9 хувийг МАН, 34,9 хувийг АН, 0,2 хувийн саналыг бие даан нэр дэвшич авсан байна.

Нийт сонгогдсон төлөөлөгчдийг хүйсийн хувьд авч үзвэл 17 эрэгтэй, 14 эмэгтэй төлөөлөгч, боловсролын хувьд дээд боловсролтой 27, тусгай дунд боловсролтой 3, бүрэн дунд боловсролтой 1, мэргэжлийн хувьд эдийн засагч -5, багш-3, эмч-7, инженер-5, бусад-11, насны хувьд хамгийн ахмад нь 61 настай, хамгийн залуу нь 27 настай, 29-39 насны 16, 40-60 насны 13 төлөөлөгч байна. Эдгээр 31 төлөөлөгчөөс урьд нь ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан 11 төлөөлөгч дахин сонгогдсон онцлогтой. Хамгийн олон сонгогчийн саналыг дөрөвдүгээр тойргоос нэр дэвшсэн Г.Одсүрэн 71,4 буюу 1033 сонгогчийн санал авсан.  

Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид нь мэдлэг боловсрол, мэргэжил, эрхэлсэн ажил, туршлагын хувьд сум орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал, тавигдсан зорилтыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн төрийн хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж зөв бодлого, шийдвэр гаргах чадварлаг хүмүүс сонгогдсон байна. Түүнчлэн төрөөс болон аймаг, сумын хуралдаанаас гаргасан тогтоол, шийдвэрийг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж түүний биелэлтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч чадахуйц боловсон хүчнүүд гэж үзэж байна.

Сумын сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэнгийн танилцуулснаар сонгогчийн нэрийн жагсаалтанд 13394 сонгогчийн нэр бичигдсэнээс 7375 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц 55,1 хувь байжээ.

 

Л.Булган

 

Холбоотой мэдээ