12 их, дээд сургуулийн 62 оюутан жуулчдад тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-12 10:21:14

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоотой хамтран ᠌᠌”Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.


Энэ удаа Улаанбаатар хотын 12 их, дээд сургуулийн 62 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. Монгол Улс жуулчдын тоо ихээр нэмэгддэг зуны улиралд тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээлэл хангах, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах зорилгоор 2014 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.


Оюутнуудыг гадаад хэлний мэдлэгийн түвшнийг үндэслэн шалгаруулж авсан бөгөөд оюутан цагдаа нар өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 10-ныг хүртэл хоёр сарын хугацаанд өдрийн найман цагаар ажиллах юм.




Холбоотой мэдээ