МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд оюутны төгөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус тус хөтөлбөрийн нэрэмжит төгөлд анхны 250 модыг суулгалаа.
МУИС-иас “Оюутны
төгөл”-ийг Хархорин дахь
сургалт, судалгааны төвийг түшиглэн байгуулахыг санаачилжээ.
Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал ярихдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээ хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан 4 дэх ээлжийн залуус явах гэж байна. Мянга орчим оюутан 20 гаруй оронд манай улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байна. Та бүхэн илгээлтээр гадаадад мэргэшээд эх орондоо ирэхэд чинь тарьсан мод сайхан ургасан байх болно. Энэ төглийг улсынхаа түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын орчимд үүсгэж буй нь ч бэлэгшээлтэй” хэмээгээд оюутан залууст амжилт хүслээ.
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва “Манай сургуулийн ойн мэргэжлийн хамт олон тарьсан моддыг арчилж хамгаалан тордоно. Энэ төгөлдөө дуртай үедээ ирж модоо усалж, арчилж болно шүү” гэжээ.