Д.Үлэмж: Улс орнууд эрчим хүчний системийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-06 12:17:11

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Улаанбаатар яриа хэлэлцээ" олон улсын Х бага хурал “Зүүн хойд Азийн эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх, цаг уурын өөрчлөлт” сэдвийн хүрээнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй
яриа хэлэлцээ нь үндсэн таван салбар хуралдааны хүрээнд өрнөж буй бөгөөд  “Зүүн хойд Азийн эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх, цаг уурын өөрчлөлт” дэд сэдвийг анх удаа онцолж буйгаараа онцлогтой юм.

 

Эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийн үндсэн хөдөлгөгч хүч, өнөө үеийн нийгмийн амин чухал хэрэгцээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт нь тус салбарт олон талт, шинэ сорилтуудыг бий болгож байна. Зүүн хойд Ази нь дэлхийн дулаарлын хамгийн эмзэг бүс нутгийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд хүчтэй аадар бороо, ширүүн салхи, шуурга зэрэг гамшиг үзэгдлийн тохиолдол нэмэгдэх болсон нь эрчим хүчний дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадварыг эрчим хүчний бүх шатанд төлөвшүүлэх нь нэн чухал. Энэхүү хуралдаанаар оролцогчид уур амьсгалын өөрчлөлтөд сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх боломж, ач холбогдолын талаар хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд аюулгүй эрчим хүчний ирээдүйг цогцлоох гарц, шийдэл олохоор зорьж байна.

 

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дэд захирал Д.Үлэмж ярихдаа, “Ковид-19” “Орос-Украин”-ы дайн, АНУ-ын бодлого гэхчлэн гадаад харилцааны шинж чанартай өөрчлөлтийн дараа бүс нутгуудын хэмжээнд эрчим хүчний асуудал нэлээн хурцадмал болж байна. Энэ хүрээнд улс орон бүр эрчим хүчний аюулгүй байдлын тогтолцоог хангах, эрчим хүчний системийнхээ сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах нь чухал гэдэгтэй санал нэгдэж буй юм. Манай улсын хувьд эрчим хүчний системийн аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавх нь нэлээн сул. Нефтийн бүтээгдэхүүн гэхэд 96-98, цахилгаан эрчим хүчний систем гэхэд 20-иод хувь нь гадны орноос хамааралтай. Цахилгаан эрчим хүчний системд эзэлж байгаа түлшний төрлөөс үзэх юм бол 91 хувь нь нүүрснээс хамааралтай гэхчлэн олон сорилт байна. Эдгээр нь тодорхой хэмжээнд манай гадаад бодлогод нөлөөлж байгаа. Бид юуны түрүүнд цахилгаан эрчим хүчний системийн нэр төрлийг олшруулж, нүүрснээс хамааралтай системийг төгөлдөржүүлэх, салхи, нар, усан цахилгаан станцын эрчим хүчний зах зээлийн загварыг өөрчлөх ёстой” гэв.


Энэхүү хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Британи, Оман, Исланд, Канад, Эстони, Франц зэрэг 40 улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож байна.







Холбоотой мэдээ