“Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээг их дээд сургуулиудад хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-28 12:42:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Их дээд сургуульд суралцаж буй хараа, сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд “тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүллээ.


Энэ хичээлийн жилд найман оюутан тус үйлчилгээг авах хүсэлт гаргаснаас тэмдэглэл хөтлөгчөөр зургаан оюутан ажиллажээ. Ингэхдээ дөрөв болон тавдугаар сард үйлчилгээ үзүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, үйлчилгээнд хамрагдсан оюутан лекц, семинар, багшийн тайлбар, яриаг бичгээр бүрэн хүлээн авч, хичээлийн агуулга, мэдээллийг хүртээмжтэй авч чадсанаар сурах арга барил нь нэмэгдсэнээс гадна нэг оюутан хангалттай үнэлгээ авч шалгалтаас чөлөөлөгджээ. Харин тэмдэглэл хөтлөгч оюутны тэмдэглэл хөтлөх, бичих чадвар сайжирч хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэлтэй болсноос гадна хүний эрхийг хүндэтгэх, бусдад нөлөөлөх манлайлах чадвар нь нэмэгджээ. Мөн нэг оюутан "Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагч”-ийн ангид суралцсан байна.


Улсын хэмжээнд мэргэжлийн болон их, дээд сургалтын байгууллагад энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 1089 оюутан хамрагдаж байгаагаас хараа, сонсголын бэрхшээлтэй 326 суралцагч байна. Үүнээс 124 оюутан их, дээд сургуулиудад суралцаж буй юм. 

Холбоотой мэдээ