Э.Макрон: Франц, Вьетнам улсууд 9 тэрбум еврогийн гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-27 09:58:59

ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 27 /TASS/. Франц, Вьетнам хоёр улс 9 тэрбум еврогийн гэрээ байгуулсан тухай  Вьетнамд төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлчдэд мэдэгджээ. 


Э.Макроны хэлснээр, хоёр улс “агаарын болон төмөр замын салбар зэрэг үндсэндээ бүх чухал салбарыг хамарсан гэрээ” байгуулжээ. “Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрүүд нь батлан хамгаалах, нисэхийн болон эрчим хүчний салбар дахь хоёр талын бат бөх харилцааг илтгэж байна” гэж тэрбээр онцолсон байна.


Франц бол Вьетнамын хувьд Европ дахь тав дахь том худалдааны түнш юм. 2024 онд хоёр орны худалдааны эргэлт 5.42 тэрбум ам.долларт хүрч, 2023 оныхтой харьцуулахад 12.9 хувиар өссөн байна. Тус улс мөн Вьетнамд хөрөнгө оруулж буй 147 улсын дотроос 16-д орж байгаа бөгөөд нийт 3.95 тэрбум ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий 700 төсөл хэрэгжүүлж байгаа юм. 


Үүний сацуу Франц бол Вьетнамд хөгжлийн тусламж үзүүлдэг Европ дахь гол хандивлагч орон юм. Тус улс нийт 16.7 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийг Вьетнамд олгосон бөгөөд энэхүү зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар болон технологи дамжуулах чиглэлээр хэрэгжих төслүүдийг санхүүжүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ