Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-05-23 15:53:09

КАНБЕРРА, 2025 оны тавдугаар сарын 23 /DW/. Сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас Австралийн зүүн нутагт их хэмжээний үер болж, гудамж талбайнууд усанд автаж, хот суурин газруудын цахилгаан хангамж бүхэлдээ тасарч, байшин барилгууд эвдрэн сүйджээ. 


Австралийн хамгийн олон хүн амтай муж болох Шинэ Өмнөд Уэльсийн нутгийн зарим хэсэгт усны түвшин огцом нэмэгдсэн байна. Хүчтай шуурганы улмаас зургаан сар гаруйн хугацаанд унадаг хур тунадас ердөө гуравхан өдөрт орсон гэж Засгийн газрын цаг уурын товчооноос мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар үерийн улмаас амиа алдсан хүний тоо дөрөв болж нэмэгджээ. Сидней хотоос 400 км-ийн зайд орших Шинэ Өмнөд Уэльсийн хойд нутагт нүүрлэсэн үерийн уснаас дөрвөн хүний ​​цогцсыг гаргаж авсан байна.


Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Крис Миннс нар өнөөдөр үерт нэрвэгдсэн зарим бүс нутагт очиж нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. “Аймшигтай нөхцөл байдал үүсээд байна. Австралийн батлан ​​хамгаалах хүчнийг бэлэн байдалд шилжүүлнэ. Сэргээн босголтын ажилд ихээхэн хүч гаргах шаардлагатай байна. Дэд бүтцэд асар их хохирол учирсан тул гамшгийн уршгийг арилгахад бид бүгдээрээ гар бие оролцох ёстой” гэж Э.Альбанезе орон нутгийн радиогоор ярьжээ.


Засгийн газар үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан онцгой байдал зарласнаар гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд илүү их нөөцийг зориулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өнөө өглөөнөөс ус татарч эхэлсэн боловч 50 мянга орчим хүн тусгаарлагдсан хэвээр байна гэж эрх баригчид мэдэгджээ. Аврах, сэргээн босгох ажиллагаа, мөн цэвэрлэгээний ажилд олон мянган ажилтныг дайчилжээ.


Мөн үерт автсан гэр орон руугаа буцаж буй хүмүүст болзошгүй аюулаас сэргийлэхийг албаныхан анхааруулж байна. Үерийн усанд бохирдуулагч бодис, хортон шавьж, могой байж болзошгүй тул эрсдэлийг анхааралдаа авах хэрэгтэй. Цахилгаан шугам ч мөн аюул учруулж болзошгүй” гэж Шинэ Өмнөд Уэльсийн Онцгой байдлын албаны дарга Даллас Бернес анхаарууллаа.


Австрали улс сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдэх болсон бөгөөд үүнийг зарим шинжээч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн үзэж байна. Засгийн газрын цаг уурын товчооны мэдээлснээр, сүүлийн хэдэн сарын турш тус улсыг тойрсон далайн ус “ердийнхөөс илүү дулаахан” байгаа ажээ. Далайн ус бүлээсэх нь агаар мандалд илүү их чийг ууршихад хүргэж, улмаар ширүүн бороо ороход нөлөөлдөг байна.

 


Холбоотой мэдээ