ОРХОН: “Илүү их уншъя” уриан дор номын баярыг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-23 15:10:33

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр-2025”-ыг өнөөдөр “Илүү их уншъя” уриатайгаар Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, аймгийн Нийтийн номын сан, Соёлын төвийн болон сургуулиудын номын санчид хамтран А.Амарын талбайд тэмдэглэж байна.


Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр юм. 


Номын баяр нь ном унших соёл, дадлыг хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх, уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтой.


Номын баярт зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.


Энэ удаагийн номын баярт Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа зохиолчдоос гадна нийслэл Улаанбаатар хотоос МУСГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Э.Амарзаяа, “Болор цом” наадмын тэргүүн шагналт зохиолч С.Начин, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Ө.Үлэмжтөгс, Зохиолч Б.Баярхүү, Б.Хулан, Б.Дуламсүрэн, Д.Мөнхцэцэг, П.Алтантуул, Н.Ундармаа нарын 20 гаруй зохиолч хүрэлцэн ирснээс гадна “Анар” номын дэлгүүр, “Урла-тогло”, “Саян”, “Амар өргөө”, “White house” хэвлэлийн газрууд оролцож байна.


Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, “Үсэглэлийн хаад” тэмцээн, “Та та тунга”, “Чихэртай АХА”, “English BEE”, “Үлгэр ярьцгаая”, “50 номын уналт”, “Бэлэгтэй асуулт хариулт”, “Open mic”, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа болж байна. Мөн Орхон аймгийн “Тэргүүний уншигч анги хамт олон” хүүхдүүд шагналаа гардан авдаг уламжлалтай.







Холбоотой мэдээ