АРХАНГАЙ: Зээл авах иргэдийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд арилжааны дөрвөн банк үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилдэг.
2025 оны эхний 4 сард аймгийн арилжааны банкны салбарууд 37.6
мянган иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 132.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Үүний дотор 41 иргэн 4.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсан байна.
Харин 2024 оны эхний 3 сард 39 иргэн 3.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдаж
байжээ.
2022 оноос хойш сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдийн авсан зээл тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Харьцуулбал, 2022 онд 155.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 2023 онд 167.4 тэрбум, 2024 онд 223.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.
Харин 2025 оны эхний 4 сард 222.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь он дуусах хүртэл хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт зээлийн үлдэгдэл
32.2 хувиар, чанаргүй зээл 0.2 хувиар, иргэдийн хадгаламж 18.9 хувиар тус тус өссөн байна. Харин анхаарал хандуулах зээл 3.0 хувиар буурчээ.