“Цайны зам” эрдэм шинжилгээний анхдугаар хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Аялал жуулчлалын газар, “Цайны соёл” нийгэмлэг, “Монголиан корпорейт травэл” ХХК зэрэг байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Цайны зам” эрдэм шинжилгээний анхдугаар хурал маргааш Үндэсний түүхийн музейд болно.
Тус хурлаар нийт найман илтгэл хэлэлцэх бөгөөд судлаач Ш.Эгшиг, С.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайн зам” номын нээлт болох юм.
Дорныг өрнөдтэй холбож байсан, бидний хамгийн их сонсож дуулсан худалдааны их замыг Торгоны зам гэдэг. Энэ замын үүсэл МЭӨ 200 оны үед Хятад гүрэнд тавигдаж, хожим 13 дугаар зууны Монголын их эзэнт гүрний үед цэцэглэн мандаж, Хархорин хот түүний нэг салбар болон тэлсэн гэдэг.
Сүүлийн үед гурван улсын төрийн тэргүүн нар гурван улсыг холбосон худалдааны замыг шинэчлэн сэргээж, аялал жуулчлал, эдийн засгийн үр шимийг дахин ашиглахаар шийдвэрлэсэн нь Цайны замын судалгааг эрчимжүүлэх шаардлагыг бий болгосон байна. Энэхүү судалгааг өөрийн оронд өрнүүлэх, идэвхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд нэгдэж уг хурлыг зохион байгуулахаар болжээ.
Б.Туул