А.Атамбаев: ШХАБ хэдий чинээ хүчирхэг байна, дэлхий дахины байдал төдий чинээ тогтвортой байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-03 17:12:59

БИШКЕК./TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэхийг хүсч буй улс орнуудын тоо байнга нэмэгдэж байгаа нь тус байгууллагын нэр хүнд улам өссөөр байгааг харуулж байна гэж Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр Бишкек хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанд оролцогчидтой уулзах үеэрээ ингэж мэдэгдсэн байна.

“Бид бүгд хамтдаа асар том үйл хэргийг бүтээж байна, энэ бол дэлхийн хэмжээний үйл хэрэг юм. ШХАБ хэдий чинээ хүчирхэг байна, дэлхий дахины байдал төдий чинээ тогтвортой байх болно” гэж Киргизийн Ерөнхийлөгч онцлон дурджээ.  

Түүний үзэж байгаагаар, Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтсан явдал нь тус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд тус дөхөм болох юм.

“Бидний хувьд цаашид хамтран ажиллахад улам хялбар дөхөм болсон, учир нь Уфа хотод бид ШХАБ-ын хөгжлийн стратегийг баталсан билээ. 10 жилээр урьдчилан харж төлөвлөсөн энэ стратегийг бид мөрдөх хэрэгтэй” гэж А.Атамбаев хэлсэн байна.

Энэ өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотод болж буй ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 15 дахь удаагийн ээлжит хуралдаанд Казахстан, Киргиз, БНХАУ, ОХУ болон Тажикистан улсын Ерөнхий сайд нар оролцож байгаа бол Узбекистаны төлөөлөгчдийг тус улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд ахалж байна.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ