Ойрын өдрүүдэд гурван байршилд зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-20 11:44:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод өрнөж буй зам засвар, ус дамжуулах болон дулааны шугам солих ажилтай холбогдуулан өнгөрсөн сараас хэсэгчлэн зам хааж эхэлсэн билээ.


Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.


Тодруулбал, ДЦС-3, 4 компани руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хаана. Тиймээс барилга угсралтын ажил хийх явцад хоёр чиглэлийн урсгалтай түр замаар авто машин зорчих аж.


Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний замыг шинэчлэх ажлын хүрээнд маргааш 22:00 цагаас “Гранд плаза”-гаас XI сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 24 цагийн хугацаанд хаана. Харин хойд эгнээг 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж асфальт бетоноор хучих юм.


Мөн Шадивлан зуслангаас Дамбадаржаа хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр км замыг маргаашийн 01:00 цагт хааж, зорчих хэсгийн суурийг хүчитгэх, асфальт бетоноор хучих ажил гүйцэтгэх бөгөөд энэ сарын 27-ны 06:00 цагт нээхийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ