Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замыг есдүгээр сард нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-08 12:42:25

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажлыг 63 хувьтай гүйцэтгэж байна.


Одоогоор нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийсэн бөгөөд авто замыг есдүгээр сард багтаан нээх юм. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой аж.


Авто замын ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн ярихдаа, “Нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км,  хойд урсгалын 2.1 км авто замын хучилтыг дууссан. “Содон” хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр хучилтын ажил үлдсэн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд Тээврийн цагдаагийн албатай хамтран “Содон” хорооллын уулзварыг хучиж буй замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөн Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж байгаа хөдөлгөөнтэй сөрөг огтлолцохгүйгээр шулуун нийлэх зохион байгуулалттай. Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээхээр төлөвлөсөн боловч ажлын талбай дээр газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд зарим хүндрэлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид ажил гүйцэтгэгч нартай зөвшилцөж, авто замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлцэхийг зорьж байна” гэлээ.



Холбоотой мэдээ