Х.Клинтоны сөрөг рейтинг Л.Трампынхаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-01 16:13:09

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сөрөг рейтинг Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампынхаас анх удаагаа давж гарсныг хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүн харууллаа.

“ABC News” телевиз болон “Washington Post” сониноос даваа гарагт явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, санал асуулгад оролцогчдын 60 хувь нь Х.Клинтоны эсрэг санал өгсөн бол Д.Трампын сөрөг рейтинг 58 хувьтай байна.

Санал асуулга явуулахын өмнөх өдөр буюу ням гарагт хоёр нэр дэвшигчийг эсэргүүцэгчдийн тоо адилхан 59 хувьтай байжээ.

Өнгөрсөн баасан гарагт и-мэйлийн дуулиан дахин газар авсан нь Х.Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны хэрэгцээндээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан гэх хэрэгт холбогдох шинэ и-мэйлүүдийг бид олж илрүүлсэн гэж Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми баасан гарагт Конгресст тайлангаа тавихдаа мэдэгдсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-нд болно.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ