Зүүн гурван аймаг хөгжлийн төлөө түншлэлээ хамтарч хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:05:02

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв \ЭЗБӨЧСТ\, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим \МҮХАҮТ\ -аас зохион байгуулсан "Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган" Баруун-Урт хотод боллоо.

 Конрад Аденаур сангийн дэмжлэгтэйгээр  "Хөгжлийн төлөөх түншлэл" сэдвийн дор болсон тус чуулганд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар "Аймгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого" сэдэвт илтгэл тавьж, зүүн гурван аймгийн хөгжлийн төлөө гол түншлэл нь аялал жуулчлал болон хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх явдал мөн гэдэгт санал нэгдлээ.

   Энэхүү арга хэмжээ нь чуулга уулзалт, орон нутгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй  гэсэн чиглэлээр салбар хуралдаан хийж  Хөгжлийн төлөөх түншлэлийг хэрхэн хангах талаар дүгнэлт шийдвэр  гаргасан байна.

       Чуулганд ЭЗБӨЧСТ-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон зүүн гурван аймгийн  удирдлага,  Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцжээ.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ