БАЯНХОНГОР: Монголын хамгийн бүдүүн мод “Хаан тоорой”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Зэрэглээ татсан үзэсгэлэнт их говийг үзэхийн хажуугаар Говийн хангай хэмээх аварга хаан тоорой модыг Баянхонгор аймагт үзэх боломжтой. Өргөнөөрөө 7 метр бүдүүн тус модыг нас биед хүрсэн таван хүн алдлаад зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг байна.
Хаан тоорой гэх энэ мод Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т бий. Говийн Их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хаан тоорой модны ойролцоо Их Говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог.
Дэлхий дээр энэ нутагтай ижил байгальтай, газар нутгийн хувьд ойр Өвөр Монголын Шинжаан уйгарын өөртөө засах муж, Ганьсу муж, Хөхнуур болон Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд гэх мэт газарт тархан ургасан тоорой мод байдгаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших тоорой мод хамгийн том гэж бүртгэгдэж “Хаан тоорой” алдрыг хүртсэн байна.
Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт говийн бусийн 30 орчим баянбүрдэд 53 мянган тоорой бүртгэгдсэн бөгөөд нэн ховор мод учраас Улаан номд бүртгэгджээ. Тоорой мод нь Баянхонгор аймгийн Эхийн голд үрээрээ ургадаг бол Монгол оронд хамгийн хойд цэгт ургаж байгаа тооройг Говьсүмбэр аймагт тарималжуулсан байдаг.
Тооройн төрөл зүйл, насжилт, хамгаалалт байгаль экологийн тэнцвэрийг хадгалдаг онцлогтой. Элсэн говь цөлийн унаган ургамал бөгөөд улиасны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургадаг. Тоорой модны өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг нь анхаарал татдаг. Нялх залуу тооройн навч нарийн хөмсөг шиг буюу нэг зуйл бургасны навч шиг, идэр залуу тооройн навч хус модны навч шиг шүдэлсэн бөөрөнхийдүү, өтөл хөгшин тооройн навч зууван гонзгойдуу хэлбэртэй гэх мэтээр 7-8 янзын навчны хэлбэр зөвхөн тоорой модонд ургадаг.
Тоорой тавдугаар сарын эхээр цэцэглэж, 7 дугаар сарын эхээр үр боловсорч дуусна. Говийн мал тоорой модны залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тооройг үр мөчрийн тайрдас, үндэсний ичмэл нахиагаар ургуулдаг бөгөөд говийнхон тооройг гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа саравч барих зэрэгт хэрэглэж иржээ.