ДАРХАН-УУЛ: Өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажилладаг. Энэхүү өдөр өнөөдөр тохиож байна.
Иймд иргэдийг айж сандралгүй тайван байж, дадлага сургуульд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед иргэдийг өөрийн гэр болон тухайн мөчид байгаа газрынхаа ойролцоох түр цугларах цэгт очихыг зөвлөдөг.
Эхний дохио дуугарахад “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.
Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.
Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.
Гамшгийн аюулын тухай зарлан
мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд иргэдийг идэвхтэй
оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх
мэдлэгээ бататгахыг уриалж байна.