ЗАВХАН: Эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах дадал нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-18 15:23:52

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдсан иргэдийн 43 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна.

2024 онд нийт эрэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг. Харин эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь бие нь өвдөхгүй бол эмнэлэгт хандаж үзлэг оношилгоонд хамрагддаггүй байжээ. 2025 оны байдлаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдах тоо эрс өссөн байна.  


Завхан аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, сүүлийн хоёр жилд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.


2023 онд тус аймагт нээсэн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн. Тус кабинетаар өдөрт 20-30 иргэн үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг авдаг байсан бол өдгөө энэ тоо нэмэгдээд байгаа нь сайшаалтай.


Эрэгтэйчүүдийн кабинет байгуулагдсанаас хойш давсагны уян дурангийн оношилгоог 70 гаруй хүнд хийжээ. Түрүү булчирхайг дурангаар авах 40 гаруй мэс заслыг хийж, давсагт стент гуурс тавих 20 мэс ажилбарыг хийсэн байна. Мөн он гарсаар нийт 260 гаруй эрэгтэй кабинетаар үйлчлүүлж эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг авчээ.


Орон нутагт амьдарч байгаа эрэгтэйчүүд заавал Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах биш, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, цаг хугацаа, санхүүгээ хэмнэсэн цогц үйлчилгээг орон нутгаасаа авдаг болсон байна гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ