ЗАВХАН: Шар усны үерээс өмнө гуу жалганд байгаа мал, амьтны сэг зэмийг цэвэрлэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-18 15:01:47

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар эрс дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.


Баруун аймгууд ялангуяа Завхан, Увс аймгийн нутгаар 17-25 см зузаан цастай байна. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө агаарын температур өмнөх хоногуудаас харьцангуй дулаарч байна.


Завханы Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна. Хангайн уулархаг нутгаар өдөртөө -2-7 градус, бусад нутгаар өдөртөө 0+5 градус байна. Улиастай орчмоор шөнөдөө -14-16 градус хүйтэн, өдөртөө +1+3 градус дулаан байна. 


Хаврын шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу урсах эрсдэлтэй байгаа тул орон нутгийн иргэд болон тус бүс нутгаар зорчиж байгаа аялагч, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Завхан аймгийн зүүн, хойд, урд бүсийн сумдын нутаг буюу ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байна. 


Өдөртөө огцом дулаарч + градус болж байгаатай холбоотой голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул тухайн бүс нутгийн холбогдох байгууллагууд цэвэрлэгээ устгал ариутгал хийхийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө. 

Холбоотой мэдээ