Тунисын хувьсгалын зохицуулагчид Нобелийн Энх тайвны шагналтнаар тодров

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-10 11:03:39

СТОКГОЛЬМ. /TASS/. Швед улсад энэ долоо хоногт Нобелийн шагналтнуудыг тодруулж байгаа билээ. Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналын эзнээр Тунисын “Үндэсний яриа хэлцээний дөрвөл” тодорлоо.  .

2011 онд улс оронд нь “мэлрэг цэцгийн хувьсгал” гарсны дараа ардчилсан нийгэм байгуулахад “шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийхээ төлөө” Тунисын хувьсгалын зохицуулагчдад энэхүү нэр хүнд бүхий шагналыг олгохоор болжээ.

2013 онд байгуулагдсан “дөрвөл”-ийг Тунисын бүх нийтийн хөдөлмөрийн холбоо, Хүний эрхийг хамгаалах Тунисын холбоо, Тунисын үйлдвэр, худалдааны холбоо, Тунисын өмгөөлөгчдийн холбоо гэсэн иргэний нийгмийн дөрвөн гол байгууллага бүрдүүлдэг байна.

“Тунисын “дөрвөл” улс орон нь иргэний дайны ирмэгт тулаад байх үед хямралыг зохицуулах улс төрийн тайван үйл явцыг бий болгосон” гэж Нобелийн хорооны тэргүүн Карин Сисилле Кулльман Фиве мэдэгджээ.

Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-нд буюу уг шагналыг санаачлагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болно. Шагнал тус бүрийн 8 сая швед крон /972 мянган доллар/ дагалдана.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ