ЗАВХАН: Сумын сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөл сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-19 12:46:31

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газрын ажлын баг Завхан аймагт ажиллаж байна.


Ажлын баг Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа болон ариун цэврийн байгууламжийн ашиглалттай танилцлаа.


Тус сумдын боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг 2 дугаар ээлжээр “Сантех Увс” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалт маш сайн, ашиглалтад орсноос хойш эвдрэл гэмтэл гараагүй байна. Мөн цэцэрлэг, сургуулийн зүгээс жижиг засваруудаа хийж байна.


Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2012 онд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжийг өнөөдрийг хүртэл ашиглахгүй байна. Ажлын баг шугамыг ил болгож засварлах зөвлөмж өглөө. Тус барилга цууралт өгсөн тул засвар үйлчилгээ шаардлагатай байгаа юм. Мөн сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөл сайн байв.


Сургуулиуд гүйцэтгэлийн үнэлгээнд II түвшинд үнэлэгдсэн, Сонгино сум 17 багш үнэлгээнд хамрагдсанаас 14 багш урамшуулал авч байна. Нөмрөг сумын сургуулиас үнэлгээнд хамрагдсан багш нар 100 хувь урамшуулал авч байна.


Сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх шаардлага үүссэн байна. Нөмрөг сумын цэцэрлэг зориулалтын бус байртай тул стандартын шинэ байр хэрэгтэй тухай удирдлагууд ажлын багт танилцууллаа.

Мөн Завхан аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцжээ. Олон улсын болон үндэсний хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж хөгжүүлэх зорилготой Политехник коллежид энэ хичээлийн жилд нийт 570 суралцагч суралцаж байна.


Суралцагчдын 44 хувь нь 3 жилийн сургалттай мэргэжлийн боловсролын ангид, 37 хувь нь аж үйлдвэрийн, 27 хувь нь барилгын мэргэжлээр суралцаж байна.


Эднийх дадлагын 16 газартай. Оюутан суралцагчид эдгээр газруудад 7 хоног бүр дадлага хийх боломжтой юм.

Сургалтын үйл ажиллагаа орчин нөхцөл сайн байв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр шинээр барьж байна. Барилгын ажлыг зураг төсвийн дагуу хийж байна. Боловсролын ерөнхий газрын ажлын баг үргэлжлүүлэн Улиастай суманд ажиллаж байна гэж Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв.  

Нөмрөг сумын цэцэрлэгийн байр


Завхан аймаг дахь Политехник коллежийн дадлагын байр

Холбоотой мэдээ