БАЯНХОНГОР: Гурванбулаг сум туулах чадвар сайтай авто машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-11 15:20:12

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум хаагдсан зам даваа, бартаа ихтэй газар явах зориулалт бүхий ЗИЛ-131 авто машинтай боллоо.


Гурванбулаг сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, тал газраа 20-30 см, ууландаа 30-40 см, гуу жалгандаа 70 см хүртэл цастай, мал хамар хатгах өвсгүй өвөлжилт хүндрээд буй. Тус сум Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог.


Өвөлжилт хүндэрсэн нутгийн олондоо туслах "Нутаг сэтгэл" хандивын тоглолтыг МУСТА Н.Баасандорж, МУСТА Н.Буяндэлгэр нар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тоглолтын үеэр нутгийн иргэдээс хандивласан 5000 боодол өвсийг нутгийн түмэндээ илгээжээ. Тус дэмжлэгийг Гурванбулаг сум албан ёсоор хүлээн авч, малчдад хүргэх ажлыг "Уулс ноён" ХХК-ийн 17 ажилтан, 9 техникийн хүчээр зохион байгуулж байна. 


Өвсний дэмжлэгийг олгохдоо нэг өрхөд 8 боодол өвс хуваарилж, малчдын хотонд хүргэх явцдаа хаагдсан зам давааг мөн гарган өгч яваа юм.


Тоглолтын орлого, хувь хүмүүсийн хандивыг 100 хувь Гурванбулаг сумандаа хандивласан бөгөөд цугларсан орлого дээр сум орон нутгаас үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн туулах чадвар сайтай авто машинтай болгожээ. 


Баянхонгор аймгийн Гурванбулаг сум 665 өрхийн 2221 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 116,880 толгой мал тоолуулсан. Малтай өрхийн тоо 572 бол 426 малчин өрхөд 737 малчин бүртгэгдсэн байна.


Тус сум эрс тэрс уур амьсгалтай нутаг бөгөөд жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хамгийн дулаан жилдээ 20-23.6 градус дулаан, хамгийн хүйтэн температур 49.7-50.2 хүртэл хүйтэрдэг байна.

Холбоотой мэдээ