Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-03 16:11:49

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулахдаа, -Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан Засгийн газраас дахин боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийн төслийг УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцэн батлах хугацааг тодорхой болгохтой холбоотой санал хурааж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолсныг дурдлаа.


Төсвийн байнгын хороо хуралдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аубакир хийв.


Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүй, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт төсөл, танилцуулга бэлтгэснийг дурдав.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, “Орон нутгийн төсвийг батлах хугацааг заах нь зөв байсан ч санал гаргасан гишүүн саналаа татаж авсан байна. Гэхдээ орон нутгийн төсөв батлах хугацааг тодорхой заахыг эргэн харах  шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр улсын төсвийг алдагдалгүй батлах агуулга бүхий заалт бий. Гэтэл эсрэгээрээ орлогоо дайчилж, улсын төсвийг алдагдалтай батлах ёстой хэмээн Ерөнхийлөгч хориг тавибал яах эсэх талаар асуусан юм.


Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариулахдаа, -Орон нутагт төсөв батлахад хугацаа заахыг дэмжиж байна. Төсвийн зарлага, алдагдлын хэмжээг нэмэхгүй хэлэлцэх ёстой гэсэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон заалтаа баримталсан асуудал гэв.

Түүний дараа Төсвийн байнгын хороо төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасан тул төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталж, эцсийн найруулгыг сонссоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ