ЗАВХАН: Ноосны урамшуулал авдаг малчдын тоо нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймагт жилд дунджаар
хонь, тэмээний ноосны урамшууллыг давхардсан тоогоор 6500 гаруй малчин, мал
бүхий өрх авдаг байна.
2022 оноос эхлэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын ерөнхий газраас и-баримт аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Ингэхдээ малчин, мал бүхий этгээдэд олгох ноосны мөнгөн урамшууллыг и-баримт үүсгэн баталгаажуулалт хийж бүртгэлтэй дансаар нь дамжуулан олгож эхэлсэн.
Өөрөөр хэлбэл 2022 оноос ноосны урамшууллыг малчдад и-баримт үүсгэж олгодог болсон.
Энэ оны наймдугаар сард 2022, 2023 оны и-баримт нь баталгаажаагүй 958 малчин өрхийн нэр ирснийг сум руу нь хүргүүлж баталгаажуулсан байна. 2022 оны баталгаажсан өрхийн урамшуулал малчдын нэрийн дансанд нь орсон байна. 2023 оны ноосны урамшуулал 624.6 сая төгрөгийг нийт 1446 иргэнд олгосон байна.
2023 оны ноосны урамшууллын дүнгээс үзэхэд Их-Уул сум хамгийн олон буюу 247 малчин өрх ноосны урамшуулал авчээ. Үүний дараа Тэс, Нөмрөг, Тэлмэн, Шилүүстэй сумаас 100-гаас дээш малчин өрх и-баримтаар дамжуулан урамшууллаа хүлээн авчээ гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан. Ноосны урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болсон юм.
Зарим малчин и-баримтаа баталгаажуулаагүйгээс болж хугацаа алдах, урамшууллаа хүлээн авч чадахгүй байгаа. Тиймээс малчин лавлах 109 утаснаас малчин өөрийн урамшуулал олгогдохгүй байгаа шалтгаанаа асууж болох юм.
Завхан аймагт өнөөдрийн байдлаар ноосны боловсруулах үйлдвэр байхгүй. Гэхдээ үйлдвэрийн боловсруулсан ноосон утсаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд бий. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт эсгий ноос ноолуур чиглэлээр 18 иргэн, 2 хоршоо, оймс үйлдвэрлэл нэг ХХК, сүлжмэл эдлэл нэг ХХК, нэг иргэн үйл ажиллагаа явуулж байна.
Жил бүр малчид тодорхой хэмжээний ноосыг Улаанбаатар хот, Орхон аймгийн боловсруулах үйлдвэрүүдийн гэрээтүүдээр дамжуулан тушаадаг гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Дэвшилтэт технологи ашиглан хонины ноос хяргах, ангилан ялгах сургалт, 2022 он Тосонцэнгэл сум